Ажлын өдөр: 07:00-19:00

БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН тэргүүтэй тус яамны албаны төлөөлөгчид сургуулийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах айлчлал хийлээ.

БШУ-ны сайд Л.ЭНХ-АМГАЛАН тэргүүтэй тус яамны албаны төлөөлөгчид энэ Баасан гарагт манай сургуульд айлчилж сургуулийн үйл ажиллагаа, сургалтын орчин, бидний баримталдаг дэвшилтэт боловсролын үзэл баримтлал, хэрэгжүүлж буй онцгой төсөл хөтөлбөрүүд, хүүхэд хөгжүүлэх ажлуудын хэрэгжилт үр дүнтэй танилцлаа.

Монголын боловсролын салбарт бидний анхлан хэрэгжүүлж үр дүн нь гараад буй англи хэлийг бага наснаас нь төрөлх хэл мэт сургагч ГРЭЙПСИЙД хөтөлбөр, хүүхдийг математикт дуртай болгогч хиймэл оюун ухаанд суурилсан Финляндын математикийн ЭДҮТЭН хөтөлбөр, сэтгэл зүйчдийн багийн хэрэгжүүлдэг нийгмийн харилцаа сэтгэл хөдлөл ёс зүйд суралцахуйн СИЙЛ хөтөлбөрүүдийг онцгойлон сонирхож, “Салбартаа түүчээлсэн тэргүүн туршлага, шилдэг инноваци” хэмээн онцолж, боловсролын салбарт дэлгэрүүлэхийг бидэнд захисан халуун дулаан уур амьсгалтай, ажил хэрэгч, сонирхолтой уулзалт боллоо.

Танилцах аяллын дундуур манай сурагчидтай яриа өрнүүлж, ирээдүйнх нь мөрөөдөл, зорилго, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн үр дүн хэрхэн тэдний амьдралд бууж байгаа талаар ярилцаж байсан нь сурагчдад маань мартагдашгүй дурсамж үлдээлээ.

Манай сургуульд айлчлан бидний ажил үйлстэй ойр дотно танилцан, бидэнд урам зориг хайрласан Сайд Л.Энх-Амгалан Таньд болон танай багт боловсролын шинэчлэлийн их үйлст нь өндөр амжилт хүсч халуун талархал илэрхийлье.

Сэтгэгдэл бичих