ЯПОН УЛСЫН СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР – СУРАЛЦСАН, ТАНИН МЭДСЭН, ДУРСАМЖ БҮТЭЭСЭН ӨДРҮҮД

Логарифм сургууль Япон улсын Чиба мужийн Ячимата, Сакура хотын Боловсролын зөвлөлтэй хамтран хэрэгжүүлдэг сурагч солилцооны хөтөлбөрөө амжилттай үргэлжлүүлж, сурагчид маань Япон орны боловсрол, соёл, ахуй амьдралтай танилцан, олон шинэ туршлага хуримтлууллаа.

Хөтөлбөрийн хүрээнд сурагчид Японы бага, дунд, ахлах сургуулиудаар зочлон, үе тэнгийн сурагчдынхаа хичээл, сургуулийн өдөр тутмын амьдралтай танилцаж, хамтдаа хичээллэж, тоглож, өдрийн хоол идэн нөхөрлөлийн сайхан дурсамж бүтээлээ. Мөн өөрсдийн урлагийн тоглолтоо толилуулж, ханзаар нэрээ бичих, Кэндогийн үзүүлбэр үзэх зэрэг Японы соёл, уламжлалыг биеэр мэдэрсэн нь аяллын онцлох хэсэг байлаа.

Сургуулиудаар зочлох үеэр Япон сурагчид анги танхим, коридор, орчноо өөрсдөө цэвэрлэж, өдөр тутмын ажлаа бие даан зохион байгуулж байгааг хүүхдүүд маань харж, хариуцлага, эмх цэгц, бие даах чадварын үнэ цэнийг бодитоор суралцлаа.

Аялал зөвхөн сургуулийн орчинд хязгаарлагдсангүй. Хүүхдүүд маань Фүжи уулыг бүтнээр нь тольдон харж, хүр хорхойноос торго хэрхэн бий болдог үйл явцтай танилцаж, Үмихотарү далайн байгууламж, Сэнсо-жи сүм, Одайба, Ueno Zoo, Sea World, Disneyland зэрэг Японы түүх, байгаль, шинжлэх ухаан, соёл, аялал жуулчлалын олон сонирхолтой газраар аяллаа.

Сурагчид нийтийн тээврээр зорчихдоо метроны тасалбар авах, буудал болон гарах гарцаа олох, нийтийн орчинд баримтлах соёлд суралцаж, аяллын төгсгөл рүү өөрсдөө чиглэлээ баримжаалах хэмжээнд хүрсэн нь бас нэгэн чухал ахиц байлаа. Мөн хогоо ангилах, хэрэглэсэн аяга хэрэгслээ угаах, эд зүйлсээ цэгцлэх, хосоороо жижүүрлэх зэргээр өөртөө болон бусдад хариуцлагатай хандах дадлыг өдөр бүр хэвшүүлж байлаа.

Сакура хотын Иннами бага сургуульд зочлох үеэр бага зэргийн газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдэж, Япон сурагчдын адил ширээн доогуур орж хамгаалах дадлыг биеэр хэрэгжүүлснээр гамшгийн үед өөрийгөө хэрхэн хамгаалах талаар бодит туршлага ч олж авлаа.

Мөн сурагчид Сакура, Ячимата хотын удирдлага, боловсролын байгууллагын төлөөлөлтэй уулзаж, Ячимата хотын хэвлэл мэдээллийн байгууллагад ярилцлага өгсөн нь тэдний хувьд шинэ, сонирхолтой туршлага байлаа.

 Энэ аяллын хамгийн үнэ цэнтэй зүйл нь хүүхдүүд шинэ газар үзэж, хөгжилдөхөөс гадна өөр соёлын дунд бие даан амьдрах, бусдыг хүндэтгэх, цаг баримтлах, хариуцлага хүлээх, орчноо цэвэр цэмцгэр байлгах, шинэ зүйлээс суралцах дадлыг бодит амьдралаас олж авсан явдал байлаа. 

Хүүхдүүдийнхээ аяллын алхам бүрийг аюулгүй, үр өгөөжтэй, дурсамж дүүрэн байлгахад хамтран ажилласан Энхчимэг багш, Иванага багш, Арай багш, Түмэндэмбэрэл менежер болон хамтран ажилласан Япон улсын сургуулиуд, боловсролын байгууллагууддаа талархал илэрхийлье. 

Аялал гэдэг зөвхөн шинэ газар үзэх биш — шинэ соёлыг таньж, өөрийгөө нээж, амьдралаас суралцах хичээл юм.

https://www.facebook.com/share/p/1He4Lwzexk/

Сэтгэгдэл бичих