Тус олимпиадын хаалт болон шагнал гардуулах үйл ажиллагааг МУ-ын гавьяат С.Цагааны дурсгалд зориулан байгуулсан Логарифм сургууль дээр зохион байгуулагдсан ба олимпиадын шагналыг А.Цэлмэг захиралтай Мэдээлэл холбооны Topica ХХК, Б.Одхой захиралтай Логарифм сургуулиуд ивээн тэтгэж хамтран ажиллалаа.
Олимпиадад нийслэлийн есөн дүүргээс шалгарсан төрийн болон төрийн бус өмчийн нийт 53 сургуулийн 456 сурагч, бага дунд ангийн 111 багш оролцож, оюун ухаанаа сорьсон байна.
Тус олимпиадын онцлог нь хөдөө орон нутаг, аймгуудаас бүсийн олимпиадад шалгарсан сурагчид Улаанбаатар хотын математикийн олимпиадад оролцож, нийслэлийн сурагчидтай өрсөлдөн улсын олимпиадад оролцох эрх авах боломж бүрдсэн явдал байлаа.
Олимпиад Монголын математикийн олимпиадын хороо болон Нийслэлийн боловсролын газрын удирдамжийн дагуу 5 ангиллаар зохион байгуулагдсан. Үүнд D ангилал буюу 7-8 дугаар анги, E ангилал буюу 9-10 дугаар анги, F ангилал буюу 11-12 дугаар анги, T ангилал буюу дунд ангийн багш, S ангилал буюу бага ангийн багш нар өрсөлдсөн байна.
D болон S ангиллын оролцогчид нэг өдрийн турш 4 бодлого бодож өрсөлдсөн бол E, F, T ангиллын оролцогчид 2 өдрийн турш нийт 6 бодлого бодож мэдлэг чадвараа сорьжээ. Олимпиадын бодлого хамгаалалтын ажлыг Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн багш, доктор Отгонбаяр, Цогзолмаа, Хулан, Батбаясгалан нарын бүрэлдэхүүнтэй комисс амжилттай зохион байгуулсан байна.
АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРГУУЛИУД:
- Сант сургууль 3 алт, 5 мөнгө, 4 хүрэл,
- Нийслэлийн 1-р сургууль 3 алт, 2 мөнгө, 2 хүрэл,
- Нийслэлийн 11-р сургууль 3 мөнгө, 7 хүрэл,
- Шинэ эрин сургууль 3 мөнгө, 1 хүрэл,
- Эрхэт эрдэм сургууль 1 мөнгө, 2 хүрэл,
- Шинэ үе сургууль 1 мөнгө, 1 хүрэл,
- Архангай аймгийн 1-р сургууль 1 мөнгөн медаль,
- Нийслэлийн 14-р сургууль 1 мөнгөн медаль,
- Нийслэлийн 5-р сургууль 1 мөнгөн медаль,
- Орчлон сургууль 4 хүрэл медаль,
- Шинэ Монгол сургууль 2 хүрэл медаль,
- Хобби сургууль 2 хүрэл медаль,
- СХД-ийн 65-р сургууль 1 хүрэл медаль,
- Олонлог академи сургууль 1 хүрэл медаль,
- Шинэ Монгол Харүмафүжи сургууль 1 хүрэл медаль,
- Шинэ эхлэл сургууль 1 хүрэл медаль,
- Эрдмийн хишиг сургууль 1 хүрэл медаль,
- Шинэ Монгол-3 сургууль 1 хүрэл медаль тус тус хүртсэн байна.
Багийн нэгдсэн дүнгээр 1-р сургуулийн 2002 оны төгсөгч З.Энхмөнх захиралтай #Сант сургууль тэргүүлжээ.
Олимпиадын үеэр 1-р сургуулийн математикийн заах аргын нэгдлийн хамт олон өндөр зохион байгуулалттайгаар ажиллаж, олимпиадыг амжилттай зохион байгуулсан байна. Мөн хамтран зохион байгуулсан Нийслэлийн боловсролын газар болон Монголын математикийн олимпиадын хороонд талархал илэрхийллээ.
Ийнхүү медаль хүртсэн болон улсын олимпиадын эрх авсан нийт багш, сурагчдад удахгүй болох Монголын математикийн 62-р олимпиадад нь амжилт хүсье.
Сэтгэгдэл бичих