Ажлын өдөр: 07:00-19:00

ЛОГАРИФМ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ

 

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Энэхүү журмын зорилго нь Логарифм Ерөнхий боловсролын сургуульд (цаашид “Сургууль” гэх) шинээр суралцагч элсүүлэн суралцуулахад үүсэх аливаа харилцааг зохицуулахад оршино.

1.2. Энэхүү журам нь сургуулийн дотоод дүрэм, журам болон сургууль, суралцагчийн хууль ёсны төлөөлөгч, суралцагчийн хооронд байгуулах гэрээ зэргийг үндэс болгоно.

Хоёр. Элсэлтийн комисс

2.1.  Элсэлтийн комиссын бүрэлдэхүүнд Сургуулийн захирал, Сургалт хөгжлийн менежерүүд, болон багш нар байна.

2.2. Элсэлтийн комисс нь энэхүү журмыг баримтлан элсэхийг хүсэгчдийн материалыг шалгах, мэдлэг чадварын шалгалт, ярилцлагыг зохион байгуулах, өргөдөл гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих болон элсэлттэй холбоотой бусад үйл ажиллагааг зохицуулна.

Гурав. Элсэлтийн тухай

3.1. Үндсэн элсэлт- Нэгдүгээр ангид элсүүлэн суралцуулахыг үндсэн элсэлт гэнэ.

3.2. Нэмэлт элсэлт- Орон тоо гарсан тохиолдолд хичээлийн жилийн дундаас 1-8 дугаар ангиудад элсүүлэн суралцуулахыг нэмэлт элсэлт гэнэ.

Дөрөв. Үндсэн элсэлтийн тухай

4.1 Үндсэн элсэлт жил бүрийн 2 сарын эхний долоо хоногт сургуулийн вебсайт болон сошиал сувгаар зарлагдах ба бүртгүүлж бэлтгэл ангийн төлбөрөө баталгаажуулсан хүүхдийн тоо тухайн жилийн элсүүлэх сурагчийн тоонд хүрсэн тохиолдолд бүртгэлийг хаана.

4.2 Бүртгүүлсэн хүүхдүүд болон эцэг эхийг ярилцлага, судалгаанд хамруулах ба энэ ажлыг элсэлтийн комисс зохион байгуулна. Ярилцлага судалгаагаар хүүхдийн хүмүүжил, төлөвшил, сургуульд бэлтгэгдсэн байдал, эцэг эхийн харилцаа, хандлага, ёс зүй, хүүхэдтэйгээ болон багш, сургуультай хамтран ажиллах хэв шинж, хандлагыг харгалзан сонголт хийж элсүүлнэ.

4.3  Бэлтгэл хөтөлбөрийн сургалт 3-5-р саруудад явагдах ба бүх бүртгүүлсэн хүүхдүүд заавал энэ сургалтанд хамрагдана. Уг сургалтанд хамрагдах боломжгүй бол элсүүлэх боломжгүй.

4.4 Бэлтгэл хөтөлбөрийн хугацаанд багш болон сэтгэл зүйч нар сурагчид ажиглалт хийнэ. Ажиглалтаар хүүхэд сургуульд элсэхэд бэлэн бус, хүмүүжил төлөвшлийн доголдолтой бол уг хөтөлбөрөөс хасч хүлээлгэнд бүртгүүлсэн хүүхдийг элсүүлнэ.

4.5 Нэгдүгээр ангид элсэн суралцагч Бэлтгэл хөтөлбөрийг төгсч хүмүүжил төлөвшил, сургуульд бэлтгэгдсэн байдлаараа болон эцэг эхийн харилцаа хандлагаар элсэлтийн шалгуур хангасан тохиолдолд суудал баталгаажуулах зорилгоор заасан хугацаанд сургуультай сургалтын гэрээ хийж, гэрээнд заасан төлбөрийн зохих хэсгийг төлж гэрээ байгуулснаар суудал баталгаажна.

Тав. Нэмэлт элсэлтийн тухай

5. 1 Нэмэлт элсэлтээр элсэгчид нь урьд суралцаж байсан сургуулийн бичиг баримт бүрэн, esis системээс хасалтаа хийлгэсэн, хүмүүжил ёс зүйн болон өмнөх  сургуультай төлбөрийн ямар нэг зөрчилгүй байна.

5.2 Мөн шалгалттай эн тэнцүү хүүхдийн хүмүүжил, төлөвшил, эцэг эхийн харилцаа, хандлага, ёс зүй, хүүхэдтэйгээ болон багш, удирдлага, сургуультай хамтран ажиллах хэв шинж, хандлагыг харгалзан сонголт хийж элсүүлнэ.

5.3 Нэмэлтээр элсэх сурагчийн бүртгэлийн хураамж 20000 төгрөг, элсэлтийн шалгалтын хураамж 20,000 төгрөг, нийт 40000 төгрөг байх ба элсэлтийн шалгалт өгөхөөс өмнө сургуулийн санхүүд бэлнээр тушаасан байна.

5.4 Бэлтгэл бүлэгт хичээллээгүй нэгдүгээр ангийн элсэгчийн шалгуур

  • Хичээлийн 4 хүртэл долоо хоногийн хугацаанд туршилтын хугацаанд суралцана.
  • Багш, сэтгэл зүйч болон Сургалт хөгжлийн менежерийн ажиглалтын үндсэн дээр сургууль сурагчийг элсүүлэх эцсийн шийдвэрийг гаргаж баталгаажуулна.
  • Энэ хугацаанд эцэг эх сургалтын гэрээг хийж, шаардлагатай төлбөрүүдийг төлж барагдуулсан байна.

 5.5 Бага ангид шинээр элсэх суралцагчид тавигдах шалгуур

  • Монгол хэл, Математикийн хичээлээрх стандарт мэдлэгийн бичгийн шалгалтын 80 хувиас дээш үнэлгээ
  • Эцэг эхтэй ярилцлага
  • Хичээлийн 4 хүртэл долоо хоногийн хугацаанд туршилтын хугацаанд суралцана.
  • Багш болон Сургалт хөгжлийн менежерийн ажиглалтын үндсэн дээр сургууль сурагчийг элсүүлэх эцсийн шийдвэрийг гаргаж баталгаажуулна.
  • Энэ хугацаанд эцэг эх сургалтын гэрээг хийж, шаардлагатай төлбөрүүдийг төлж барагдуулсан байна.

5.6 Дунд ангид шинээр элсэн суралцагчид тавигдах шалгуур

  • Математик, монгол хэл, англи хэлний хичээлээрх стандарт мэдлэгийн бичгийн шалгалтын 75 хувиас дээшхи үнэлгээ
  • Шаардлагатай гэж үзвэл англи хэлээр сонсох, унших чадварын нэмэлт шалгалт
  • Өмнөх сургуулийн бичиг баримт бүрэн, esis системээс хасалтаа хийлгэсэн, хүмүүжил ёс зүйн болон өмнөх  сургуультай төлбөрийн ямар нэг зөрчилгүй байна.
  • Хүүхдийн зорилгын талаарх эссэ
  • Хүүхэдтэй хийх ярилцлага             
  • Эцэг эхтэй хийх ярилцлага
  • Хичээлийн 4 хүртэл долоо хоногийн хугацаанд туршилтын хугацаанд суралцана.
  • Багш болон Сургалт хөгжлийн менежерийн ажиглалтын үндсэн дээр сургууль сурагчийг элсүүлэх эцсийн шийдвэрийг гаргаж баталгаажуулна.
  • Энэ хугацаанд эцэг эх сургалтын гэрээг хийж, шаардлагатай төлбөрүүдийг төлж барагдуулсан байна.

5.7 Сурагч болон эцэг эх туршилтын 4 долоо хоногийн дотор сурагчийн хариуцлагын дүрэм, эцэг эхийн ёс зүйн дүрэм, сургуулийн бусад ёс зүйн дүрмийг зөрчсөн тохиолдолд гэрээг цуцалж хичээлд суусан нэг сарын болон бусад хамаатай төлбөрүүдийг гэрээ хийхдээ төлсөн төлбөрөөс суутгаж ажлын 5 хоногийн дотор буцаан олгоно.

5.8 9 дүгээр ангиас дээш ангид тэтгэлгийн шалгуурыг хангасан суралцагчаас бусад элсэлт авахгүй.

6. Шинээр элсэгч сурагч болон асран хамгаалагчийн заавал танилцсан байх бичиг баримт

6.1 Шинээр элсэн суралцаж байгаа сурагч шалгуурыг хангасан бол “СУРАГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ”-тэй, эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч аль аль нь “ЭЦЭГ ЭХИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ” болон энэхүү журамтай танилцаж албан ёсоор гарын үсэг зурсан байна.

6.3 Элсэлтийн шаардлага хангасан суралцагч элсэгчийн өргөдөл бөглөж, суудал баталгаажуулах зорилгоор гэрээнд заасан төлбөрийн төлж, сургалтын гэрээ байгуулснаар суралцах эрх нь үүснэ.

                                                Долоо. Элсэгчдийг бүртгэх баримт бичиг

7.1 Элсэхийг хүсэгчид нь бүртгүүлэхдээ доорх бичиг баримтыг авч ирнэ. Үүнд: 

  • Суралцагчийн төрсний гэрчилгээний хуулбар
  • Эцэг эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэхний хуулбар
  • 2*3 хэмжээтэй хоёр хувь зураг
  • Сургуулийн тодорхойлолт /анги удирдсан багшийн тодорхойлолт байж болно/
  • Сурагчийн амжилтыг баталгаажуулах холбогдох баримт, нотолгоо
  • Бүртгэлийн болон элсэлтийн шалгалтын хураамж
  • Хувийн хэрэг
  • Элсэгчийн өргөдлийн маягт

Найм. Бусад

8.1 Үндсэн ба нэмэлтээр элсэж орж байгаа суралцагч болон түүний эцэг эх, асран хамгаалалагч нь сургуулийн элсэлтийн журам, ёс зүйн журам, сургуультай байгуулсан гэрээнүүдийн заалтыг хүндэтгэн биелүүлнэ.

 

Сургуулийн сургалт хөгжлийн алба