Ажлын өдөр: 07:00-19:00

Захирлын мэндчилгээ

Сайн байна уу, 

Манай сургуулийн хуудсаар зочилсон танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. 

Бид бол нийгэмд боловсролоор дамжуулан эерэг өөрчлөлт, шинэчлэлтийг авчрах зорилготой, дэвшилтэт боловсролын үзэл баримтлалтай, тэнцвэртэй боловсролыг баримтлагч сургууль юм. Хүүхэд насны хамгийн их цаг хугацаагаа өнгөрүүлдэг, хамгийн чухал орчин бол сургууль билээ. Энд өнгөрүүлсэн цаг хугацаа тэр чигээрээ хүүхэд насны 12 жилийн амьдрал юм. Бид шавь нарынхаа энэ цаг хугацаан дахь амьдралыг баяр баясгалангаар дүүргэж, үр бүтээлтэй аз жаргалтай суралцаж, академик хичээлүүдээр болон урлаг, спортын төрлүүдээр өөрийгөө сорьж, туршиж, нээж хөгжүүлсэн, найз нөхөд багш нарынхаа хүрээлэлд өөрийн нийгэмших төлөвшлөө олж авсан, сэтгэл зүрхний боловсролыг академик боловсролтой зэрэгцүүлж суралцаж чадсан үнэ цэнтэй цаг хугацаа нь байгаасай гэж хүсдэг.

2008 онд байгуулагдсанаасаа хойшхи замналдаа бид шавь нарынхаа оюун ухаан, бие бялдар, сэтгэл зүрхийг нь тэнцвэртэй хөгжүүлэхэд зорьсон бүхий л боломжит хөрөнгө оруулалтыг хийж, сурч хөгжих таатай орчинг бүрдүүлж, сэтгэлтэй хүнлэг багш нараар хамт олноо бүрдүүлэн, сургуулийн хүчирхэг соёлыг тогтоон ажиллаж ирлээ. Сургууль бүхэн байшинтай, багштай, самбартай байдаг ч бусдаас ялгах амин сүнс нь сургуулийн хүчтэй соёл байдаг. Бидний соёл бол амьдралд хэрэгжин тогтсон бидний үнэт зүйлсийн бүрдэл, хүүхэд бүрт боломж олгохыг зорьж-төлөвлөж-хэрэгжүүлдэг арга барил, хүнлэг эелдэг харилцаа ба хамтдаа хөгжих хамтач соёл юм. 

Бид анхны бяцхан шавь нараа анх 2008 онд нэгдүгээр ангид нь хүлээн авснаас хойш жил бүр анги дэвшүүлэн сургасаар анхны ууган төгсөгчдөө 2019 онд төгсгөсөн цаг саяхан. Эргээд уулзахад сэтгэл хайраар дүүрэн, сайн явааг нь мэдэхэд цээж бахархлаар дүүрэн, дулаахан үгийг нь сонсоход зүрх баяраар дүүрэн, намартаа бужигнаантай, хавартаа нулимстай олон мянган шавь нарын хоёр дахь гэр нь болсон сургууль хэмээх эрдмийн өргөө үргэлж гэрлээр дүүрэн байдаг. Та өөрийн эрдэнэт үрдээ тохирсон сайн сургуулийг сайтар судлан олж, оюуныг нь мэдлэгээр, зүрхийг нь гэрлээр дүүргээрэй. 

Танд болон таны гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсч, амар амгалан, хайр энэрэл өргөө гэрт тань тухлан жаргахын ерөөлийг дэвшүүлье! 

Б. Одхой

Логарифм сургуулийн захирал