Home
2018-2019 оны хичээлийн жилд бид анхны 12 дугаар ангиа амжилттай төгсгөлөө 

2018-2019 оны хичээлийн жилд бид анхны 12 дугаар ангиа амжилттай төгсгөлөө 

2018-2019 оны хичээлийн жил бидний хувьд 10 жилийн ой тохиож, анхны шавь нар маань 12 дугаар ангиа төгссөн, утга учир, түүх дурсамж дүүрэн жил болон үлдэж байна.
Анхны төгсөгчдийн маань мөнгөн хонхны баяр сэтгэл хөдлөм, баяр, гуниг, ухаарлын нулимстай, аз жаргал бялхсан өдөр болж өнгөрлөө.

 

 

Сургуулийн захирал Б. Одхой төгсөлтийн
баяраар төгсөгчдөдөө хандан хэлсэн үг:

Нийт төгсөгч шавь нар, эцэг эхчүүд, сургуулийн үүсгэн байгуулагч нар, багш сурган хүмүүжүүлэгчид болон ажилтан албан хаагч та бүхэндээ энэ өлзийтэй сайхан өдрийн мэндийг дэвшүүлье.
Юуны түрүүнд сургуулийнхаа анхны төгсөгч болж буй хайртай шавь нартаа халуун баяр хүргэе. Мөн суурь боловсрол эзэмшин ахлах ангийн сурагчид болж буй 9 дүгээр ангийн шавь нартаа баяр хүргэе.

11 жилийн өмнө, 2008 оны 9 сарын 8-ны Шинийн 8-ны Билигт сайн өдөр нэгэн гайхамшигт түүх эхэлсэн. Шөнөжин нойргүй ажиллаж сургуулийнхаа сүүлийн шатны чулууг тавин байж эхэлсэн сургуулийн нээлтэнд биднийг зорьж ирсэн анхны бяцхан шавь нарын минь цангинасан дуу хоолой сургуулийн байрыг гэрэлтүүлэн дулаацуулж, бид бүхэнд холыг зорих итгэл найдвар, ихийг бүтээх сэтгэл, хүч бэлэглэсэн билээ.

Анх 11 сурагчтай хамт олон болон эхэлж байсан энэ анги маань 2019 оны 6 сарын 7-ны Билигт сайн Дашнямтай өдөр 16 сурагчтай төгсөж, шавь нарын маань хувьд амьдралын цоо шинэ хуудас нээгдэж, харин сургуулийн маань хувьд түүхийн шинэ цаг үе ирлээ. Анхны шавь нараа амжилттай төгсгөхийн тулд, тэднийг ухаалаг хүнлэг хүмүүс болгохын тулд, дараа дараагийн үеийн төгсөгч нартаа үлгэр дуурайлалтай манлайлагч залуус болгохын тулд сэтгэлээ шингээн хөдөлмөрлөсөн багш сурган хүмүүжүүлэгч нар, удирдлагын баг болон үүсгэн байгуулагч нарын маань гаргасан хөдөлмөр, сэтгэл, хөрөнгө оруулалт асар их билээ. Та нартаа сэтгэлийн гүнээс талархаж, гүнээ хүндэтгэл илэрхийлье. Мөн энэ цаг мөчийг хүртэл хамтдаа алхсан, бидэнд итгэл өгсөн эцэг эхчүүд та нартаа талархал илэрхийлье.

11 жилийн турш би анхны төгсөгчдөө төгсөх үедээ ямар байхыг нь төсөөлж, мөрөөддөг байлаа. Миний төсөөлөл биелсэн. Шавь нар маань чадварлаг, хүнлэг, найзууддаа түшигтэй, дүү нартаа ээлтэй, багш нартаа хүндэтгэлтэй, эцэг эхдээ асралтай, нээлттэй сэтгэлгээтэй, цайлган сэтгэлтэй, гэгээлэг зорилготой сайхан залуус болон төлөвшжээ.

Та нарыгаа Логарифм сургууль хэмээх дулаахан, эвтэй, тохилог үүрнээсээ биднийгээ орхин тал тал руу нисэн одохоор даль жигүүрээ дэлгэн бэлдэж, дотроо бяцхан гуниглаж, бас ирээдүйдээ санаа зовинон догдолж байхыг харж, мэдрэх энэ мэдрэмж үнэхээр гайхамшигтай. Та нарыгаа явахаар сургуулийнхан чинь бүгдээрээ үгүйлэн сананаа. Сургуулийн чинь хаалга та нарт үргэлж нээлттэй байж, зочлох бүрт чинь бид бүхэн туйлаас баярлах болно.

Ингээд та нартаа захиж хэлэх 3 захиас хэлье.
Юуны түрүүнд бусдад өгч амьдраарай. Өдийг хүртэл та нар маань гэр бүлээсээ, багш нараасаа хайр халамжийг авч ирсэн билээ. Та бүхэнд өгсөн хайр халамж, сэтгэл бидэнд аз жаргалыг авчирдаг. Өглөг жирийн инээмсэглэлээс, бусдын амжилтанд баярлахаас эхэлж, гэр бүлээ, найз нөхдөө ойлгож, туслах, зовсон нэгнийг хайрлан өрөвдөж сайхан сэтгэлээр гаргаснаар үргэлжилдэг. Чамд хэцүү байсан ч чи бусдын төлөө сэтгэл гаргадаг бол аз жаргал чамайг өөрөө олоод ирнэ.

2т Өөрийн мөрөөдөл, зорилгодоо үнэнч тууштай байж, унасан ч босч сураарай. Замд чинь таарсан бэрхшээл, учирсан хэцүү хүн чамд амьдрал заахаар ирсэн багш чинь гэдгийг санаж яваарай. Тэгж асуудалд хандаж чадвал чи хүндхэн асуудлаа давсныхаа дараа ялагч болсноо ойлгоно.

Сүүлийн захих зүйл одоо цагаа бүрэн ашиглаж, мэдэрч, үнэлж байгаарай. Чи холыг төлөвлөсөн ч, өнгөрсөнд харамссан ч одоо цагт л амьдарч байгаа гэдгээ ямагт санаж яв. Өөрийгөө бүрэн дайчлах цаг чинь, гэр бүлээ хайрлах цаг чинь, өөрийгөө хөгжүүлэх цаг чинь, баяр баясгаланг мэдэрч болох цаг яг одоо байна. Тиймээс өөрийнхөө цаг хугацаанд 100 хувь эзэн нь бай. Өөрөөр хэлбэл амьдарч буй цаг хугацаагаа эзэгнэж амьдраарай.

Анхны төгсөгчиддөө захиж хэлэх үгсээс маань 9 дүгээр ангиа төгсч буй шавь нар маань өөрт хэрэгтэй үгсээ тунгааж авсан байх. Дунд ангийн дэггүй цаг хугацаа дуусч хариуцлагатай, ирээдүйгээ төлөвлөн бодож, ухаалаг байх шаардлагатай цаг үе нь ирж байна. Тиймээс энэ цаг үеэ алдалгүй хариуцлагатай байгаарай гэж та бүхэндээ захия.
Ингээд нийт төгсөгч шавь нартаа болон тэднийхээ гэр бүлийнхэнд цаашдын сурлага, ажил, амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Улаанбаатар хот
2019. 06.07
Б. Одхой

Leave a Comment

*

*